RSS

Бүсгүй хүний ухаан

Манай гэрийн хажууханд байх зөвлөлт улсын тусламжаар баригдсан дунд сургуулийн гурван давхар цэнхэр байшингаас өдөржин хүүхдийн дуу шуугиан сонсдож амралтын өдрүүдэд л нам гүм болно. Тэнд бага ангийн багшаар ажилладаг найз хүүхэн маань намайг гэртээ байвал хааяа яаруухан ирж цайлчихаад том далбагар хар цүнхээ далбалзуулан гүйх алхахын хооронд шогшсоор сургуулийн гол хаалгаар орох нь цонхоор харагддагсан. Бага насны тэрсхэн гурван охинтой найзын маань нөхөр нь барилгын компанид жолооч хийдэг, барьж байгаа барилгаа дагаад дандаа л хөдөө гадаа явж гэртээ байх нь ховор. Их нүүрэмгий, хэлэмгий бас нилээн хөдөлгөөнтэй сэргэлэн нөхрийнхөө эзгүйд хэдэн хүүхдээ бараг л ганцаараа шахуу өсгөн ясли цэцэрлэг рүү үүрч дүүрсээр томыг нь сургуулийн босго алхуулсан найз маань ажлаа ч хийж ар гэрээ ч авч явсаар хэдэн жилийн нүүр үзэв.
Нөхөр нь эхнэр үр хүүхэддээ халамжтай нэгэн тул би тэднийхээр очих дуртай, баяр болгоноор шахуу аль нэг гэртээ цуглаж өнгөрүүлдэг байлаа. Тэднийх хөлсөлж байсан байрнаасаа гарч нилээн хол нийтийн байрны хоёр өрөөнд ороод найз маань өөр сургууль руу шилжсэнээс хойш бид хааяахан уулзалдах боллоо.
Нэг амралтын өдөр найз маань манайд ирэв. Нүд нь гунигтай бөгөөд үе үе гүнзгий санаа алдахад нь сарын өмнө тэнгэрт хальсан ээжийгээ харууссаар байгаа юм болуу гэж бодоод сайхан цай хоол хийн дайлж аль болох өөр юм ярихыг хичээж байтал дуу муутайхан сууж байснаа гэнэт нулимс асгаруулан үг сүггүй уйлж гарлаа. Дотроо багтаж ядан зангираад байгаа зовлонгоо нулимсаараа угаан ариусгахыг хүсэх мэт дэндүү их гомдолтойгоор уйлахад нь сэтгэл эмтэрч дэмий л аргадаж суутал удалгүй больж нэг янжуур асааж аваад ярьж эхлэв.
Хоёр сарын өмнө нэг орой гэртээ халамцуухан ирсэн нөхөр нь хүүтэй болсноо дуулгасан гэнэ. Дандаа л хүүтэй болох юмсан, хүү хүү гэж байдаг тул найз маань ямархуу байдалд орсныг шууд л төсөөлөв. Юу ч хэлж чадаагүй түүнийг ганцааранг нь гал зуухны өрөөнд үлдээгээд гадагшаа гарсан нөхөр нь шөнө дунд орж ирэхэд нь ч тэр хэвээрээ сууж байж.
Өглөө ажилдаа явахад нь хүү нь мэндлээд нэг хонож буй, төрөхөд байгааг дуулсан найз маань бие муу байна гэж сургуулиасаа чөлөө аваад дэлгүүр оржээ. Хонины хөл мах, сүү, эрээн даавуу худалдаж аваад гэртээ ирж, орой нөхрийгөө ажлаасаа ирэхэд дулаахан хөвөнтэй өлгий оёж шөл цайтай хамт торонд хийгээд хүүгээ эргэ дээ гээд өгсөн гэнэ.
Хуурч мэхэлж явсан нөхөртөө хичнээн гомдож тэр чигээрээ яв гэмээр байсан ч өсөж өндийж яваа гурвын гурван охин үрээ өнчрөл хагацал үзүүлэлгүй элэг бүтэн байлгахын төлөө бүх тэвчээрээ гарган өдөржин шөнөжин нулимсаа урсган байж өөр хүүхний хүүхдэд өлгий оёсон доо гэх дуунд нь харуусал, гомдол бас зовж босгосон амьдралынхаа төлөө тэмцэх хатуу зориг мэдрэгдэж байв. Энэ бүхнийг сонсож суухдаа яг ийм эгзэгтэй мөч тулгарвал ууч зөөлөн сэтгэл бас хатуу тэвчээр гаргаж ингэж шийдэж чадах болов уу гэж өөртөө эргэлзэх тусмаа найзыгаа өрөвдөх, бахархах зэрэгцэж байснаа санаж байна.
Найз маань хүүхдүүдээ өнчрүүлэлгүйгээр асуудлыг шийдэж гэр бүлээ бүрэн бүтнээр нь авч үлдэж чадаад охидынхоо хөгжилтэй инээдийг сонсож баяртай нүдийг хараад жаргалтай амьдарч байгаа. Харин ч баяр болоход нэг бэлэг илүү бэлдэж хүүдээ өгөөрэй гээд нөхөртөө өгдөг болсон гэнэ лээ. Хожим хоёр жилийн дараа ч байна уу даа, барилгын компани нь дампуурч микроавтобус барьдаг болсон нөхөр нь надтай зах дээр таараад баахан тортой юм барьчихсан намайг гэрт маань хүргэж өгсөн юм.
Ойрд тэдэнтэй уулзаагүй тул жаал ярьж суугаад ярианы далимд нөгөө хүүгийн талаар сонирхов. Газар дээрх ганц хүүгээ өөрөөрөө овоглохыг хүссэн ч чадаагүйдээ харамсаж явдгаа ярьж тэр үед Чимгээ (авгай нь) хөөчихсөн бол хүүгийнхээ ээжтэй суухад бэлэн байжээ. Тэгсэн хөөх нь байтугай нууц амрагаас нь төрсөн хүүхдэд өлгий оёж өгсөнд дэндүү дассан түүнтэйгээ ханилахын тулд юугаа ч гаргуунд нь гаргахад бэлэн байсан сэтгэл нь хоёрдож эхэлж.
Найзын маань нулимсаараа нүүрээ угаан байж оёсон өлгийг нь дөнгөж ээж болоод эх хүний зүйргүй жаргал, хайрыг амсан байсан бүсгүй хоёр гардаж аваад задлахдаа хайртай хүндээ хүү гаргаж өгсөн хэмжээгүй баяр нь өөр нэгэн эмэгтэй, гурван хүүхдийг хүлээж буй өрөөсгөл амьдралын үнэ цэнээр олдож буйг ухаарч сэтгэл нь хөндүүрлэхдээ өөрийн эрхгүй уйлсан гэнэ.
Ингээд гурвуулаа ганц ч хатуу үг унагаж хар хорын санаа гаргалгүй шинэ хүнээ хүлээн авч өөр өөрсдийн заяа тавилангаараа, зам замаараа явж байгааг нь түүний ярианаас сонсож суухдаа ийм уужуу тайвуу, холч ухаан эх хүнээс л гарах юм даа гэж бодож суулаа. Амьдрал гэдэг сайн муутай, саад бартаатай, хэзээ хэнтэй учирч юу тохиолдож хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Харыг цайруулж хатууг зөөллөх бүсгүй хүний өр нимгэн сэтгэл гэдэг юутай ч зүйрлэхээргүй агуу юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 comments:

Unknown said...

Үнэхээр гоё нийтлэл байна. Бүсгүй хүн эх хүн гэдэг уяхан зөөлөн ч гэлээ үнэхээр их тэсвэр хатуужилтай гэдгийг мэдрүүлсэн байна. Нэг мэргэн хүнээс эрэгтэй хүн яагаад хүүхэд төрүүлдэггүй вэ? гэхэд нь бүсгүй хүнд байдаг тэсвэр тэвчээрийг гаргаж чадахгүй гэж хэлсэн гэдэг.

дотоод гоо сайхан said...

Харин тиймээ гайхалтай. Эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархаж байна.

Post a Comment

Сэтгэгдэл...

Хуудас

Powered By Blogger
Дотоод гоо сайхан. Powered by Blogger.

Найзууд минь